Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааны нотолгоо болсон “Монгол ард” эскадрилийн хөшөөг сэргээн засварлажээ. Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэж байдаг цэлмэг тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг сэргээхэд 42 сая төгрөг орсон байна. Уг хөшөөг дэлхийн II дайны үед Зөвлөлтийн улаан армид зориулан Монголын ард түмний тусламжаар байгуулжээ. Хөшөө боссон цагаас хойш 25 жилийн нүүр үзэж байгаа ч бүрэн хэмжээний засвар хийж байгаагүй юм байна. Энэхүү засварын ажлын хүрээнд 2188 ам метр талбайг зүлэгжүүлэн мод бут тарьж, том жижиг 15 гэрэл суурилуулан хөөрч буй онгоцны утааг дүрслэн нэмэлт гэрэлтүүлэг хийсэн байна. Мөн хөшөөг тойруулан Монгол Оросын болон нийслэл дүүргийн далбааг байрлуулсан байна.