“Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг дэлхийн өвд бүртгэлээ


ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган энэ сарын 19-нд Францын Парис хотноо эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар нийтдээ 40 улсын 42 байгалийн болон соёлын өвийн хэлэлцэж 25-ыг баталсны дотор Монгол улсаас нэр дэвшүүлсэн “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор” багтсан байна. Өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаараа манай улсаас нэр дэвшүүлсэн өвийг албан ёсоор дэлхийн өвд бүртгэх шийдвэр гарч, баталгаажуулсан байна. Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн 25-аас 3 нь байгалийн, 21 нь соёлын, 1 нь холимог өв ажээ. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохон тоцогдох сүг зургийн галерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлог юм. Энэ нь манай ард түмний эртний түүхэн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд нийтдээ 153 орны 936 өв бүртгэгдээд байгаа ба манай улсаас гурван өв багтдаг ажээ.