Энэ жил тохиож буй Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулж “Хүннү гүрэн” баримтат, уран сайхны кино бүтээж байна. Эл киноны зохиолыг Хүннү гүрний судалгаагаар Монголд толгой цохидог эрдэмтэн зохиолч Я.Ганбаатар бичиж, Ардын жүжигчин, монголын кино урлагийн нэрт найруулагч Г.Жигжидсүрэн найруулжээ. Киноны багийнхан ирэх долдугаар сарын дундуур Өвөрмонгол болон Улаан-Үд хотын ойролцоо байдаг Хүннү үеийн туурийг зорьж, зураг авалтаа эхлүүлэх ажээ. Нэрт найруулагч Г.Жигжидсүрэн “Баримтат, уран сайхны кино тул тодорхой хэмжээний дүрүүд байгаа. Модун хаан, Түмэн Шаньюгийн дүрд залуу жүжигчдийг сонгосон. Кино ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болно” гэв. Ийнхүү сүүлийн үед тасраад байсан баримтат киноны түүх шинэ бүтээлээр түүхээ баяжуулах нь ээ.