Солонгосын хойгоос Иран, Ирак хүртэл, Байгаль далайгаас
Цагаан хэрэм хүртэлх уудам нутгийг эрхшээлдээ оруулж байсан Хүннү гүрний талаар
судалдаг судлаачид ирэх наймдугаар сарын 26-29-нд хүннүчүүдийн голомтыг сахиж
буй Монгол Улсад хуран чуулах гэж байна. Монголын анхны төрт улсын 2220 жилийн
ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор “Хүннү гүрэн ба Монголын эртний түүх”
сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, хүннү судлаачдын чуулга уулзалтыг
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс зохион байгуулахаар товложээ. Уг хурлыг зохион байгуулах
Ажлын хэсгийн ахлагч, Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
С.Өлзийбаяр “Олон улсын монголч эрдэмтэд, хүннү судлаачдад танилцуулгаа
явуулсан. Эхнээсээ оролцох хүсэлтээ ирүүлж байгаа. Нэлээд олон хүн оролцох
төлөвтэй” гэжээ.