Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн гээд олон түүхт ой энэ онд давхцаж байгаа. Тийм ч учраас энэ жилийн Улсын баяр наадмын нээлтэнд ихэд анхаарлаа хандуулж байгаа билээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Б.Ганболд нарын томчууд нээлтийн арга хэмжээ найруулах хүндхэн даалгавар хүлээн авсан байна. Дөрвөн хэсгээс бүрдэх наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцохоор бэлтгэл ажлаа хийж байна. Монголын ардын армийн цэрэг офицеруудаас бүрдсэн 1000 гаруй морьтон цэрэг, Завханы Отгонтэнгэрийн тахилгад оролцсон 999 морин хуурч хүүхдүүд, 500 гаруй бүжигчин, 1500 гаруй хөгжимчин, дуучин уран бүтээлч нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ. Өнгөрсөн онд Канад улсад болсон Ванкуверийн өвлийн олимпийн нээлтэд 4000 хүн оролцож ихэд сүрлэг зохион байгуулсан бол энэ жилийн Улсын их баяр наадмын нээлт түүнтэй дүйх нь ээ.