Наадмын эхний өдөр “Дангина” гоо бүсгүйн тэмцээн болж Агын буриадаас ирж оролцсон Иванова Гыма тэргүүн байр эзэлж, Буриад улсын сайхан бүсгүй Б.Арюна, Монгол улсыг төлөөлөн оролцсон Н.Сарангэрэл нар удаалсан байна. “Буриад хүний нэг өдөр” зан үйлийн үзүүлэх тоглолт, орчин үеийн дууны тэмцээн, буриад сур харваа, яруу найргийн наадам, нийтлэлийн “Алтан саг”, загвар зохион бүтээгчдийн уралдааны шилдгүүд шалгарчээ. Орчин үеийн дууны төрлөөр Монгол улсыг төлөөлөн оролцсон “Үебчүрэ” хамтлаг тэргүүлсэн байна. Наадам 15 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд буриадын зураач нарын үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдээд байна. “Улс нутгийн зураачид” үзэсгэлэнд ОХУ-ын Буриад улсын Гавъяат зураач Б.Дашням, Монголын урчуудын эвлэлийн гишүүн Ц.Лхагваа, П.Мэлс нарын бүтээлүүд тавигджээ.