Түүхт ойн жилийн үндэсний наадмаа дэлхийд сурталчилна


Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуу­лагд­саны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил гэсэн Монгол Улсын түүхэн их ойн баяр давхцаж байгаа гэдгээрээ 2011 оны үндэсний их баяр наадам онцгой, содон сайхан наадам болно.
Урьд өмнөх өмнөх жилийн наадмуудаас илүү өргөн дэл­гэр, өндөр хэмжээнд ёслон тэмдэг­лэхээр Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо эрчимтэй бэлтгэж байна. Энэхүү их баяр наадмын эхэнд буюу долдугаар сарын 5-9-нд Сүхбаатарын талбайд Монгол туургатны өдрийг зохион явуулах
ажээ. Монгол туургатны өдрүүдийн эхний өдөр буюу долдугаар сарын 5-нд Монгол гэр, 6-нд цагаан идээ, 7-нд монгол бичиг, 8-нд язгуур урлаг, 9-нд монгол хувцасны өдрүүдийг зохион байгуулна.

Саяхан Монголын үндэсний уран зургийн галерейн сан хөм­рөгт хадгалагдаж байгаа өмнө нь болсон тэгш ойн жилийн баяр наадмын чимэглэлүүд болон үе үеийн нэрт мастеруудын туур­висан уран зураг болон өнөө цагийн залуу зураачдын бүтээлийг ашиглан хийсэн эх загваруудыг баталжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Энх­тайвны өргөн чөлөө, Энхтайвны гүүрийн чимэглэл болон их баяр наадмын урилга, тасалбар, хүндэтгэлийн тоглолтын урил­га зэрэгт Урлагийн гавьяат зүт­гэлтэн, зураач Ч.Базарваанийн «Төрийн цагаан сүлд» , Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн «Мөнх тэнгэрийн чуулган», Хөдөл­мөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэмийн «Наадам», Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн «Уралдаан наадам», Ардын зу­раач Б.Чогсомын «Бөх» зэрэг Их Монгол Улс болон Ардын хувьсгалын тухай хүүрнэх бүтээ­лүүдийг дүрслэн үзүүлэхээр бол­жээ.

Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдахаас 420 нь улсын цолтой бөх байх бөгөөд зургаан насанд нийт 3500-4000 морь уралдах урьдчилсан тооцоо байгаа юм байна. Мөн шинэ цагийн монгол морьдын уралдааныг гурван насанд уралдуулахаар бэлтгэж байна. Наадмын нээлтийн ёслол уламжлал ёсоор урлагийн тоглолттой. Харин энэ тоглолтын үеэр сур харвааны гайхамшгийг харуулсан үзүүлэх тоглолт зохион байгуулахаар болжээ. Жил бүрийн наадмын нээлтийн ёслолын тасалбар худалдаж авсан наадамчдаас цэнгэлдэхэд нэвтэрч чадаагүй гэсэн гомдол гаргадаг. Иймд энэ жил цэнгэлдэхийн суудлыг дугаарлахаар болжээ. Түүнээс гадна цэнгэлдэхийн гаднах талбайг барааны зах шиг болгохгүй байхаар шийджээ. Баяр наадмаар нийслэл хотын өнгө зүсийг сайжруулах ялангуяа Энхтайвны өргөн чөлөөний гэрэлтүүлэг чимэглэлд онцгой анхаарал хандуулна гэнэ. Наадмын нэгдсэн болон нээлт, хаалтын арга хэмжээний хөтөлбөрийг зургадугаар сарын 15-нд бэлэн болгохоор ажиллаж байгаа юм байна. Монгол Улсын түүхт ойн баяр наад­мын талаар гадаадын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр сурталчилгаа, мэдээлэл явуулахаар төлөвлөжээ.