Прагаас ниссэн Монгол тахь 14 цагт унаган нутагтаа бууна


Прага хотын амьтны хүрээлэнд нутагшиж байсан 4 тахийг унаган  нутаг нь буцаах ажиллагаа амжилттай болжээ.  Тус хотын амьтны хүрээлэн байгуулагдсаны 80 жилийнхээ ойн хүрээнд өөрийн хүрээлэнд нутагшиж буй Монгол тахийг өөрийн хөрөнгөөр унаган нутагт нь буцаах ажлыг өчигдөр амжилттай зохион байгуулсан байна. Пржевальскийн адуу хэмээн нэрлэгдсэн монгол тахь Прагаас гараад Казань, Новосибирск хотод түр буудаллан нисэх энэхүү нислэг 20 шахам цаг үргэлжлэх бөгөөд  Ховдын цагаар өнөөдрийн 14:00 цагт Ховд аймагт газардах юм. 

Манай орны баруун хязгаар нутаг, тус аймгийн Хомын тал хэмээх газарт дээрх  4 тахийг нутагшуулах юм байна.

Хамгийн сүүлчийн зэрлэг адуу буюу тахийг устаж үгүй болох аюулаас гэтэлгэхэд нь онцгой хувь нэмэр  оруулсан Прагийн амьтны хүрээлэн, Чехийн ард түмэн энэ удаагийн төслийг хэрэгжүүлэхэд  наад зах нь 1 сая гаруй кроны зардал гаргасан бөгөөд үүнд тус улсын  Новако компани,  БОЯ, КВ банкны захирал болон тус компанийн ажилчдаас гадна Прага хотын амьтны хүрээлэнгийн  санаачилсан "Мөхлийг гэтлэн давахад нь тэдэнд тусалцгаая" гэсэн хандивын аянаар цугларсан мөнгөөр энэ төслийг санхүүжүүлжээ.

Монгол тахийг эх нутаг, унаган байгальд нь буцаах энэхүү баярт үйлд явдлыг тохиолдуулан Чехийн цэргийн нисэх буудал дээр эдгээр тахийг үдэн гаргах ёслолын  ажиллагаа болж Прага хотын захирагч ноён Б.Свобода, Чехийн Армийн Жанжин Штабын дарга, армийн генерал В.Пицек, Байгаль орчны дэд сайд Т. Тесарж, Цэргийн нисэх  буудлын захирагч И.Вавра, ГХЯ-ны газрын захирал Х.Моттлова, хотын орлогч дарга И.Кабицкы, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал М.Бобек, Чех монголын анд нөхдийн нийгэмлэгийн хүндэт дарга И.Шима болон хандивлагч байгууллагуудийн удирдлагууд зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

90-ээд оноос баруун европод үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тахийг төрөлх нутаг монгол руу нь буцаан нутагшуулах ажлыг зохион байгуулж ирсэн боловч сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдлаас энэхүү ажиллагаа зогсонги байдалд орсон.