Улаанбаатар, Хонконг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн боломж, нөхцөл байдаг. Нэгдүгээрт тус бүсэд Монгол Улс Консулын газраа нээх, шууд нислэгтэй болох, Хонконгийн Хөрөнгийн биржтэй харилцаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн 4 дүгээр сард Хонконгод ажлын айлчлал хийхдээ тус улсын удирдлагуудтай уулзаж ярилцахдаа тохирсон билээ. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олов. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх ёслолд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Мөн энэ үеэр МИАТ компани ч төлөөлөгчийн газраа нээв. Цаашид аялал жуулчлалын харилцаа өсч, хамтын ажиллагааны сонирхлууд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд Хонконгийн амбан захирагчтай уулзах үеэр эдгээр салбараас гадна боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн тухай ч ярилцсан гэдгийг онцоллоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий “Wall street journal”,”Cnbc”,”Dqw jones”,”Washington post”зэрэг хэвлэлд ярилцлага өгөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.