Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ой Брагри ёнцон Ц.Дамцагдоржийн мэндэлсний 230 жилийн ойд зориулан зуны эхэн сарын шинийн 15 нд Луваан жалбу бурханыг Сайхан-Овоо сумын Онгийн хийдэд залсан байна. Хуучнаар Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Цогт хэмээх ууланд Онгийн хийд байрладаг. Энэ ууланд нутгийн ард олон аж амьдралынхаа сайн сайхны төлөө, нутаг орноо хур бороотой, цаг тэнүүн байлгаж, газар лусын хилэгнэхийг даадаг Лусын эзэн хаан “Луваан жалбу” бурханыг 1850-аад оны үеэс бүтээн шүтэж ирсэн байдаг. Энэ бурханыг Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Луус, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций, Мандал-овоо, Ханхонгор сумдын ард олон тахин шүтдэг байжээ. Харамсалтай нь 1937 онд нутаг усны энэ бурхан эвдэгдэн нураагдсан байна. Аймгийн далан жил, Онгийн хийдийг үүсгэн байгуулсан их багш Дамцагдоржийн мэндэлсний ойд зориулан Луваан жалбу бурханыг дахин бүтээн залсан байна. Энэ санаачлагыг Сайхан-Овоо сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Сайхан-Овоо сумын ИТХ, ЗДТГ гаргаж, Дундговь аймгийн Ардчилсан нам, Өлзийт Дэлгэрхангай сумын ЗДТГ, Гүндүжамбаалин хийд, Үржиншаддүвлин хийд хамтран зохион байгуулсан байна.