Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурал боллоо

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны хооронд "Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Ма Юншэн тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хуралд оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм. Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурлыг хоёр тал жил бүр өөрийн орондоо ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил 6 дахь удаагийн хурал юм. Хурлын үеэр хоёр тал уламжлал ёсоор хилийн бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг арилгах арга замын талаар ярилцаж, хурлын протоколд гарын үсэг зурлаа. Хоёр талын жуулчдын тоог нэмэгдүүлэх, хилээр нэвтрэх асуудлыг хөнгөвчлөх, аялал жуулчлалын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах зэрэг олон асуудлыг хурлаар хэлэлцэв. Хоёр талын хурлын протоколд Монгол, БНХАУ, ОХУ-ыг оролцуулсан "Цайны зам" олон улсын төслийг энэ оны 9-р сард багтаан хэрэгжүүлэхээр заасан нь эдгээр гурван улсыг хамарсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгоход ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн БОАЖЯ-ны зүгээс үзэж байна.