Энэ жилийн үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн ойтой давхцаж буй билээ. Иймээс өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр хийхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо зорьж байгаа ажээ. Үндэсний их баяр наадмын комиссын ээлжит хурал өчигдөр болов. Энэ жилийн наадмын өмнө буюу долдугаар сарын 5-наас 9-нд Сүхбаатарын талбайд Монгол туургатны өдрүүд болно. Комиссын хурлаар долдугаар сарын 5-нд монгол гэр, 6-нд цагаан идээ, 7-нд монгол бичиг, 8-нд язгуур урлаг, 9-нд монгол хувцасны өдөр зохион байгуулахаар тогтжээ. Мөн тэгш ойн жилийн баяр наадмын чимэглэлүүдэд Монголын Үндэсний Уран зургийн Галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй үе үеийн нэрт мастеруудын туурвисан уран зураг болон өнөө цагийн залуу зураачдын бүтээлийг ашиглан хийсэн эх загваруудыг баталлаа. Төв цэнгэлдэх болон Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүрийн чимэглэл болон наадмын урилга, тасалбар, хүндэтгэлийн тоглолтын урилга зэрэгт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Базарваанийн “Төрийн цагаан сүлд”, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Мөнх тэнгэрийн чуулган”, хөдөлмөрийн баатар, ардын зураач Н.Цүлтэмийн “Наадам”, төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн “Уралдаан наадам”, ардын зураач Б.Чогсомын “Бөх” зэрэг Их Монгол Улс болон Ардын хувьсгалын тухай хүүрнэх бүтээлүүдийг дүрслэн үзүүлэх юм байна.