Сэвэлзүүр салхитай Монголд зочлоорой


Японы хамгийн том компани болох “JTB”-ийн ерөнхийлөгч Сасаки сан эх орон нэгтнүүддээ ингэж уриалжээ. Тус улсад болсон байгалийн гамшгийн улмаас Японд агааржуулагч хязгаартай хэрэглэхийг анхааруулж байгаа. Тиймээс сэвэлзүүр салхитай Монгол Улсад аялахыг манайхан ч бас урьж байна. Японы төв талбайд ирэх сарын 4-5-нд Монголыг сурталчлах өдөрлөг болно. Манайхан Гүнза талбайд үндэсний хувцасны загвар үзүүлж, “Зуны халууныг Монголд өнгөрөөе” гэсэн бичигтэй дэвүүр тараах юм билээ. МИАТ-ынхан ийм 5000 дэвүүр захиалж хийлгэжээ. Энэ үйл ажиллагаанд манай сүмочид мөн оролцож эх орноо сурталчлах юм байна. МИАТ компани өнгөрсөн жилээс Токио-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт 3 удаа нислэг хийж эхэлжээ. Ингэснээр жуулчдын тоог 25 хувиар нэмэгдүүлсэн байна. Жилд 20 сая япон жуулчилдгаас 13000 нь л Монголд аялдаг. Энэ тоог өсгөхийн тулд Монголын аялал жуулчлалын холбооныхон дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.