Эрдэмтэн зохиолч Я.Ганбаатар "Тэнгэрийн ташуур Аттила" романаа уншигчдын гар дээр тавьжээ. Энэхүү түүхэн эссэ роман нь зохиогчийн "'Их нүүдэл" хэмээх гурамсан туурвилын гутгаар дэвтэр юм. Үүнээс өмнө тэрээр 2008 онд "Модун Шаньюй", 2010 онд "Хүүхэн Шаньюй" гэсэн хоёр романаа хэвлүүлсэн ажээ. "Тэнгэрийн ташуур Аттила" хэмээх энэхүү гутгаар дэвтэрт Төв Азиас Европын гүнд нүүдэллэн хүрч, хөгшин тивийн хойшдын түүхийн гольдролыг өөрчлөн бичилцсэн бидний агуу их өвөг дээдсийн бахархалт намтар түүхийг монгол хэлээр анх удаа дүрслэн үзүүлснээрээ онцлог бүтээл болжээ. Зохиогч удахгүй энэ гурамсан туурвилаа нэгэн шоголд баринтаглан хэвлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Ингэснээр хоёр мянганы тэртээх Евро-Азийн дуулиант цаг үеийн түүх цогцоороо уншигч танд хүрэх нь. Энэхүү "Их нүүдэл" хэмээх гурамсан туурвил бол төв Азийн өргөн уудам газар нутаг дээр анхны төр улсыг байгуулсан нүүдэлчин малчин Хүн угсаатны баатарлаг намтар цадигийг мянган жилийн цараагаар хамарч бичсэн бүтээл юм. Төв Азид анхны төр улс байгуулагдсаны 2220 жилийн түүхт ойг тэмдэглэх гэж байгаа энэ цагт уг бүтээл уншигчдад сонирхолтой байх биз ээ.