“Түмэн эх” зун цагийн тоглолтуудаа эхэлжээ

Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга ардын язгуур урлагийг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ.  Тус чуулгынхан урин цагт тоглох тоглолтынхоо хөшгийг албан ёсоор нээсэн байна. Бөөгийн болон сүр жавхлант цамын бүжиг, ертөнцийг хоёрхон чавхдасаар уяраах морин хуурын гайхамшигт аялгуу, үндэстэн ястнуудын зан үйлийн илрэл бий биелгээ, уян налархай охидын уран нуралтын үзүүлбэр, ардын хөгжмийн төрөл, магтаал, туульс гээд чуулгын урын санд дэлхийд гайхагдсан Монгол үндэстний сор болсон уран бүтээл олон. Гадаад, дотоодын үзэгчдийг ардын язгуур урлагийн тоглолтоор хөглөөд даруй 22 жилтэйгээ золгосон “Түмэн эх”-ийн зун цагийн тоглолтын нээлтийг тус чуулгын уран сайхны удирдагч Г.Отгонсүрэн нээхдээ, “Манай хамт олон чуулгынхаа өнгө төрхийг сайжруулахад ихээхэн анхаарсан. Техник хэрэгслээ бүгдийг шинэчилсэн” гэв. Нээлтэд БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Н.Пүрэвхүү нар мөн оролцсон юм. Энэ үеэр “Түмэн эх” чуулга хамтарч ажилладаг аялал жуучлалын шилдэг түншлэгчдэдээ шагнал гардуулав. “Гарьд тур”, “ДМД”, “Гайхарь”, “Ар Монгол” зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг есөн газарт шагнал гардуулж, цаашид хамтарч ажилахаа илэрхийлсэн юм.