Богд хааны ордон музей нурах дөхөж байна

Монгол Улс хаантай байсныг гэрчлэх цөөхөн баримт өдгөө Богдын музейд хадгалагддаг. Гэтэл энэхүү түүхэн баримт хадгалагддаг Богдын ногоон ордон цас, борооны ус нэвтрээд, дусаал гоожих болжээ. Тус музейн захирал О.Мэндсайханы өгүүлснээр ордны дээвэр ваар агаад саяхан цуурсан байна. Өөрөөр хэлбэл Богд хааны ордон музейн хаяанд барилга барьж буй хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн дээвэр нь цуурч, цас, борооны ус гоожин дотор нь байгаа түүхийн үнэт үзмэр, дурсгалуудыг гэмтээх нөхцөл бүрджээ. Тус ордон музейн зүүн талд “Жигүүр гранд” компани барилга барьж буй юм байна. Тус компани барилгынхаа ажлын явцад тэсэлгээ хийснээс үүдэн Богд хааны ордон музейн барилга доргиж, Найдан сүмийн вааран дээвэр хойд талдаа, Зээгт наамлын сүмийн вааран дээвэр зүүн урд хэсэгтээ цуурч, ваарны наалт салжээ.