БОАЖЯ-наас жил бүрийн хавар, намарт байгаль хамгаалахад олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн сарын аяныг орон даяар өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 6-р сарын 12-ыг хүртэл хугацаанд Байгаль хамгаалах хаврын сарын аяныг өрнүүлэх юм байна. Байгаль хамгаалах хаврын сарын аяныг нээж БОАЖЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, төлөвлөсөн ажлынхаа талаар олон нийтэд мэдээлэл өгчээ. Хэвлэлийн бага хурлын үеэр БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга М.Тунгалаг, Усны газрын орлогч дарга Ц.Сосорбарам, НБХГ-ын дарга Ю.Дэлгэрмаа нар дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Түүнээс гадна сарын аяны олон нийтийг өргөнөөр хамруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулан оролцож буй урлаг соёлын төлөөлөл хэвлэлийн хуралд байлцав. “Харанга” хамтлагийн ахлагч, “UP music” продакшны захирал, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, Монголын уран зохиолын академийн гүйцэтгэх захирал, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Төрбат, Улсын драммын эрдмийн театрын найруулагч СТА Н.Наранбаатар нар хаврын сарын аяны тодорхой ажлуудыг хариуцан зохион байгуулах юм. Аяны хугацаанд “Ногоон дээл”, “Цэнхэр бүс”, “Саруул орчин”, “Ой-хуурай газрыг тэтгэнэ” сэдэвт дөрвөн багц ажлыг долоо долоо хоногоор хийнэ.