Бүх музей үнэгүй үйлчилж байна

Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд 1977 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэж ирсэн энэ өдрийг манай улс 1997 оноос тэмдэглэж байгаа юм. Учир нь Монгол Улс 1997 онд Олон улсын музейн зөвлөлд нэгдсэн.  Олон улсын музейн өдрөөр тус зөвлөлийн гишүүн 150 оронд төрөлд бүрийн арга хэмжээг зохион байгуулан үнэ төлбөргүй үйлчилдэг уламжлалтай аж. Энэ жил “Музей ба дурсамж” сэдвийн дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэрчлэн Монголын үндэсний музей, Уран зургийн галерей, Чойжин ламын сүм музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж.  Монголын үндэсний музейд “Эх түүх, эх соёл” өдөрлөг, “Үндэсний музейн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн, “Монголын музей ба дурсамж” тааварт тэмцээн гэсэн арга хэмжээнүүд болж байгаа аж. Харин Чойжин ламын сүм музейд уран барилга судлаач Б.Даажавын “Чойжин сүмийн барилга” нэртэй уулзалт болох бол Байгалийн түүхийн музей үндсэн үзмэрүүдээсээ гадна “Цэцэгчний дурсамж”  уулзалт зохион,  тасалгааны цэцгийн үзэсгэлэнг олон нийтэд сонирхуулах аж.  Тэгвэл Театрын музейд “Музейн өнгөрсөн ба одоо” бэсрэг үзэсгэлэн гарч буй бөгөөд  ахмад ажилтнуудын дурсамж уулзалт хийх бол Монгол цэргийн музей “Музей ба хүүхэд” гар зургийн уралдааны шилдгүүдээ тодруулах юм байна.