УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 82,5 хувиар баталлаа. УИХ-ын тогтоолоор, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан оршдог Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болов. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын нутгийн зарим хэсгийг дархан цаазат газар болголоо. Тэрчлэн тус аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт байдаг Тэнгис-Шишгэдийн голын ай савыг байгалийн цогцолборт газарт оруулж, энэ ангиллаар нь тусгай хамгаалалтад авав. Үүнд Ховд аймгийн Булган сумын Булган голын байгалийн нөөц газар мөн багтаж, тус сумын Их Онгог хэмээх газар орчмын зарим газар нутаг ч байгалийн цогцолборт багтлаа. Байгаль орчны хилийн заагийг шинэчлэн тогтоох нь чухал ач холбогдолтой бөгөөд байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг нь хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зарим газар нутгийн хилийн заагийг өөрчлөх, шинэчлэх ажил хэрэгтэй байна хэмээн сайд Л.Гансүх тайлбарлав.