“Морин хуур” чуулгыг үндэслэн байгуулагч, Монгол Улсын ардын жүжигчин Ц.Батчулуун 10 сарын турш Японд соёл урлагийн харьцуулсан судалгаа хийгээд иржээ. Түүний эзгүйд чуулгынх нь залуус “Playing love” тоглолт хийж, эх орондоо ирэхэд нь “Кармен сюит” тоглолтоор угтсан. Ц.Батчулуун гадны уран бүтээлчдийг Японы соёл урлагтай танилцуулдаг “Япон фонд” хөтөлбөрт хамрагдан, Монголын урлагийн байгууллагын тогтолцоо, адил төстэй хөгжмүүдийн харьцуулсан судалгаа хийжээ. Улмаар ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн өвийг хэрхэн хадгалж, хамгаалдаг талаар сонирхоод ирсэн байна. Тэрбээр япончуудын дунд 10 сар амьдрахдаа гоёж гоождохыг чухалчилдаггүй, цэвэрхэн хувцаслахыг эрхэмлэдэг, мөн газар нутгаа юунаас ч илүү үнэтэйд тооцож, хайрлан хамгаалдаг болохыг нь мэдэрчээ. Дашрамд дурдахад түүний үүсгэн байгуулсан “Морин хуур” чуулгын 20 жил ирэх онд тохиох агаад эдүгээ гурав дахь үеийн хөгжимчид нь ч уран бүтээлээ толилуулж яваа аж.