Тэнгис-Шишгэдийн голын ай савыг тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Загджав, Р.Раш нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэхдээ иргэд хэрхэн зохистой байдлаар авч болох тухай, тус салбарын зарим харьяа газрын санхүүгийн тогтолцооны талаар болон эрүүл мэндийн хуулийн холбогдолтой зарим чухал асуудлыг тодотгон асуусан. Асуулт хариулт болон саналын дараа зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураалт явуулж Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж, хуулийг баталсан. Мөн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Ж.Сүхбаатар гишүүн, тусгай хамгаалалтаас олон газрыг гаргах шаардлага байгаа эсэхийг асуухад, урьд нь тусгай хамгаалалттай газарт амьдарч байсан олон айл өрх Хатгал тосгон, Ханх орчим байдаг. Тэгээд ч энэ бүх зүйлд бид нэлээд анхааралтай хандаж, хатуу хяналт тавьдаг хэмээн сайд Л.Гансүх хариулсан. УИХ-ын тогтоолын төсөлд дурдсанаар бол, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан оршдог Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болсон аж. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумын нутгийн зарим хэсгийг дархан цаазат газар болгох юм байна. Тэрчлэн тус аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутагт байдаг Тэнгис-Шишгэдийн голын ай савыг байгалийн цогцолборт газарт оруулж, энэ ангиллаар нь тусгай хамгаалалтад авахаар  болсон аж.  Үүнд Ховд аймгийн Булган сумын Булган голын байгалийн нөөц газар мөн багтаж, тус сумын Их Онгог хэмээх газар орчмын зарим газар нутаг ч байгалийн цогцолборт багтах болсон байна.