Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зарим иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санаачилгыг дэмжин жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийн амралтын өдрийг "Хөгжлийн төлөө хамтдаа" уриан дор "Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр" болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гаригт төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, оюутан залуус гээд нийтдээ 5000 гаруй хүнийг дайчлан Туул голын ай сав газрыг цэвэрлэлээ. Баянзүрх дүүргийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл Туул гол дагуух газрыг цэвэрлэсэн юм. Одоогоор хичнээн тонн хог цэвэрлэсэн тухай мэдээ бүрэн нэгтгэгдээгүй байгаа аж. Урьдчилсан байдлаар таван тоннын даацтай 14 машин хог гарсан байна. Ахуйн хог хаягдал их байснаас гадна барилгын материалын хаягдал их хэмжээгээр овоолсон газар их байжээ. Мөн цэвэрлэгээ хийж байх үед Туул гол орчмоос их хэмжээний хуурамч юань, ам.доллар олдсон аж. Нийтдээ 25-26 мянган хуурамч юань байсан гэнэ. Юань байсан энэ газраас арав гаруй бумба бүхий чандар гарчээ. Мөн их цэвэрлэгээ явагдаж байх үед зарим барилгын компани хогоо асгаж байсан гэнэ. ТУНГАА төрийн бус байгууллагын тэргүүн Д.Лхагвасүрэн "Хог цэвэрлэх ажилд нийтдээ 1400 гаруй оюутан оролцлоо. Биднийг Туул голыг цэвэрлэж байх үед зарим барилгын компаниуд хогоо асгаж байсан. "Стандарт групп" гурван машин хог асгасан. Тэднийг зогсоох гээд чадаагүй" гэлээ. Энэ өдөр бүх нийтийн цэвэрлэгээг хийхээс гадна хот суурин газрын тохижилтыг сайжруулах, байгаль орчныг нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах, хот суурин газруудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийгдэх нийгмийн бүтээлч ажлын жагсаалтыг гаргажээ. Эдгээр ажлыг өөрийн нөөц санхүүгийн бололцоонд нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэхийг харьяа газар, дүүргүүдийн удирдлагуудад Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон байна.