Хубилайн нийслэлийн тууринаас чухал шинэ бичээс олдов

Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлээд буй Хубилай хааны дээд нийслэлийн туурийг судалж буй Японы Мэйжи их сургуулийн профессор Сакүрай Томоми нийслэлийн уг эх болох Кайпин ордны тухай хамгийн эртний чулуун бичээсийг илрүүлсэн байна. Энэ нь Мөнх хааны зургаадугаар он /1256 он/-ы "Кайпин ордыг байгуулах тухай тэмдэглэл" бөгөөд Бээжингийн номын сангийн чулуун сийлмэлийн эмхтгэлийн 48 дугаар ботид дурдагдсан байдаг ажээ. Япон судлаачийн хэлснээр, уг бичээсийг 1256-1257 оны хооронд сийлж урласан байна. Бичээст Кайпин ордныг байгуулах нь Монголын их хаан Мөнхийн зарлигт үндэслэсэн ажил гэх бөгөөд Хубилайн гавъяаг магтан дуулжээ. Үүнээс гадна эрдэмтэд бусад бичиг материалаас Мөнх хаан Хубилайгаар Кайпин ордныг байгуулуулах тухай тэмдэглэсэн баримт олоогүй байна гэжээ. Бээжингээс хойш 275 километрт Шандын шар тал хэмээх газарт монголчуудын удирдан байгуулсан, тухайн үеийн дэлхийн баялаг, соёлт хотуудын нэг болох энэхүү дээд нийслэлийн туурийг хятадууд 2002 оноос хойш сэргээн засварлаж, 2008 онд Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д өргөдлөө өгсөн юм.