Увс аймгийн төв Улаангом хотын Байгаль орчны мэдээллийн төвд энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” сэдэвт сургалт болов. Сургалтад төсөл хэрэгжиж буй сумдын багш нар, сумдын төслийн ажилтнууд, УНАСУТХГ-уудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, аймгийн БОАЖГ-ын болон БСГ-ын мэргэжилтэн, сумдын байгаль орчны хэсгийн байгаль хамгаалагчид оролцлоо. Мөн Ховд аймгаас 8 багш ирж туршлага солилцлоо. Алтай соёны төслийн санхүүжилтээр зохион байгуулсан энэ сургалтыг “Нүүдлийн байгаль хамгаалал” хөтөлбөрийн зохицуулагч Х.Тунгалагтуяа Улаанбаатараас хүрэлцэн ирж удирдлаа. Сургалтын төгсгөлд Увс аймгийн Түргэн, Сагил, Бөхмөрөн, Ховд, Тариалан, Улаангом сумдын “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг”-ийг эко клубын багш нарт хүлээлгэн өглөө. Сургалтад хамрагдагсад тус тусын сумандаа хайрцгийг аялуулах юм. Ингэснээр ард иргэд, хүүхэд багачуудын байгаль экологийн боловсрол дээшлэх, цаашилбал тогтвортой байгаль хамгаалал бий болох ач холбогдолтой. Учир нь хайрцагт байгаль орчны сургалтад зориулагдсан гарын авлага, ном материал, амьтдын мөр, баас, чихмэл баг болон сургалтад хэрэглэгдэх материалууд багтсан. Сургалтын шинэ арга хэлбэр бүхий энэ хайрцгийг аялуулах сонирхолтой хэн бүхэн үүнийг ашиглан хичээл заах боломжтой аж.