Монголын Урчуудын Эвлэлийн Хорооноос Монгол бичиг соёлд зориулан “Бичиг соёл” үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь үндэснийхээ хэл соёлыг цэвэр тунгалаг байлгаж, сайхан монгол хэлээрээ зөв ярьдаг, бичдэг болох. Монголын уламжлалт уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлэх, дэлхий дахинд таниулахад оршиж байгаа юм байна. Монгол бичгийг дэлхий дахины соёлын их өв сангийн нандин эрдэнийн нэг гэдэг. Өнөө цагт хүүхэд залуусаас эхлэн, ахмад настнууд хүртэл сурах гэж мэрийж, чармайж байгаад оюун хүч, хувь нэмрээ оруулж “Мянган жил, түмэн он дуурсах…” гайхамшигт бичгийнхээ уламжлалыг таслалгүй, хойч үедээ хүргэж байгаа нь энэ юм байна. Үзэсгэлэнд монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, уран бичээч буюу каллиграфч-зураачдын шинэ бүтээлүүд мөн оюутан сурагчдын хичээнгүй бичсэн зохион бичлэг, эргэцүүлэл зэрэг бүтээлүүдийг дэлгээд байна. Үндэсий хэл соёл, бичиг үсгээ дээдэлж, өвлөн хөгжүүлэх их үйлст хувь нэмрээ оруулж, цаашид монгол хэл бичиг, үндэсний соёлоо эрхэмлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Бичиг соёл-2011” үзэсгэлэнд монгол хэл бичгийн багш, сурагчид өргөнөөр оролцжээ. Мөн тус үзэсгэлэнд зориулж ЕБС-ийн сурагчдын дунд монгол бичгийн уралдааныг зарлаж шалгарсан сурагчдын бүтээлийг тавьжээ. Үзэсгэлэн МУЭ-ийн Хорооны Үзэсгэлэнгийн танхимд 2011 оны 4-р сарын 29-нд нээлтээ хийж, өнөөдрийг хүртэл монгол бичгийн гайхамшгийг олон нийтэд үзүүлж байгаа юм.