Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын дундаж температур 1,56 хэмээр дулаарсан байна. Элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125 мянган га газрын заг бүрэн устаад байгаа ажээ. Байгалийн энэ мэт хүчин зүйлс, малын тоо толгой,хүний байгальтай зүй бус харьцсан зэргээс болоод манай улсад цөлжилт улам нэмэгдсээр байна. Нийт нутаг дэвсгэрийн 20 хувийг хамарсан ган хоёроос гурван жилд нэг удаа, 50-иас дээш хувийг хамарсан ган дөрвөөс таван жилд нэг удаа тохиолддог байна.Тал, хээр, говийн бүс нутгаар шороон шуургатай өдрийн тоо 1960-аад онтой харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Ой модны багахан нөөцөөс нь 6,7 хувь нь үлдсэн байгаа нь харамсмаар. Бусад ой хүний зүй бус хэрэглээ, хортон шавьж, түймэр зэргээс устаж үгүй болсон байна. Хүн амын төвлөрөл ихтэй нутагт ойр орчмынхоо модлог ургамал, бут сөөг, харгана зэргийг түлшинд хэрэглэх нь цөлийн бүсийг нэмэгдүүлж байгаа. Цөлжилтийн хүрээ тэлэгдэж говь төдийгүй хангайн бүс, хүн ам олноор суурьшсан хот суурин газрууд, тариалангийн бүс нутгийг хамрах шинжтэй болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг боллоо. Манай орны цөлжилт урдаасаа биш төвөөсөө эхэлж байна гэж эрдэмтэд тогтоосон. Энэ эрчээрээ хуурайшвал 10 жилийн дотор Улаанбаатар хот маань цөлжиж эхлэх мэдээ байгаа. Манай улс цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Ойн тухай үндэсний хөтөлбөр, Усны үндэсний хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа ч үр дүн нь төдийлэн харагдахгүй байгаа нь харамсалтай. Цөлжилтийн өнөөгийн байдлыг л ярьж, олон гол горхи, булаг ширгэлээ, цөлжилт нутгийн дийлэнх хувийг бүрхлээ гэх мэт тоо баримтаас хэтэрсэнгүй. Цөлжилттэй тэмцэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын хамтын хүчин чармайлт, нэгдсэн бодлого чухал. Уул уурхайн орд газрын эмх замбараагүй ашиглалт, ой модны нөхөн сэргээлт, бэлчээрийн даац, усны нөөц зэргийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж байж цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ үр дүнгээ өгөх болов уу?