Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздаг сан ... дуунд мөнхөрсөн Туул гол сүүлийн жилүүдэд эрс багасч, бохирдож, ширгэх аюулд хүрээд байгаа билээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гүний ус ашиглаж буй нийт 426 уст цэг байдаг ба түүний 373 нь хүн амын унд, усан хангамж болон үйлдвэрлэл технологийн зориулалтаар, үлдсэн 53 нь бэлчээр усжуулалт, газар тариалан усалгааны чиглэлээр ашиглагддаг байна.
2013 онд хийсэн шинжилгээний дүнгээр Туул – Сонгино, Туул – Хадан хэсэгт онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино, Шинэ цэг, Хадан хясааны орчимд хүчилтөрөгчийн горим алдагдаж 0.05 – 2.79 мг/л-т хүрсэн, биохимийн агууламж усны чанарын стандарт хэмжээнээс 27 – 28 дахин давсан, усан дахь аммонийн азотын агууламж 36 – 94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5 – 30 дахин их, пер манганатын исэл дэх чанарын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5 – 5.7 дахин давсан зэрэг нь Туул голын энэ хэсэгт онцгой их бохирдолттой байгааг баталсан байна.
Туул голд цутгадаг олон жижиг гол горхи болох Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт, Түргэний голууд нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн, эсвэл тасалддаг болсон учраас Туул голын усны түвшин багасах, улмаар зарим газарт ширгэх аюулд хүргэснээс гадна Туул гол өөрөө өөрийгөө цэвэршүүлэх чадамжгүй болгосон байна. Мөн 1950-1960 онд Туул голын эхэн хэсгийн ой шугуйг ихээр огтолж, өөр зориулалтаар ашигласны хор уршиг эдүгээ ихээр нөлөөлж буй ажээ. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган ордогоос гадна Заамарын алтны уурхайн үйл ажиллагаа, Улаанбаатар хотын 3 том дулааны цахилгаан станц, олон тооны уурын зуухнууд, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гүний усны хэрэглээ зэрэг нь асар их хор хохирол учруулжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй газрын хөрсийг эвдэж барилга байшинг олноор барьсан нь хөрсний усыг их хэмжээгээр ууршуулан Туул голыг аюулд хүргэжээ. Үерийн ус зайлуулдаг даланд гэр хорооллын айлууд өвөлжиж хог хаягдал, угаадас усаа асгаж овоолдог нь хавар шар усны үерээр гол руу шууд урсан ордог байна.
МУИС, бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, БНХАУ-ын судлаачидтай хамтран 2019 онд Туул голын талаар томоохон судалгааг хийж үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан мэдээллийн сан (Web og Science)-д бүртгэлтэй “Sustainability” (IF-2.576) сэтгүүлд хэвлүүлжээ. Жилээс жилд нэмэгдэж буй Улаанбаатар хотын усны хэрэглээний өсөлт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсацын горимд өөрчлөлт орж, зарим үед Туул гол урсацгүй тасрах, шургах үзэгдэл их болсон төдийгүй энэ байдлын үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх хандлагатай болсон.
2017 онд голын эрэгт элс хайрга олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу Туул голын эрүүл ахуйн А бүсэд элс хайрга олборлож байсан 16 аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.