Эрхүү хотоор дамжин ОХУ-д аялах нислэг, төмөр замын билетийг УБ хотоос захиалж болно

ОХУ-ын Транспортная Клиринговая Палатагаас Эрхүү хотоор дамжин ОХУ доторх орон нутаг, мөн ОХУ-с цааш дамжих олон улсын бүх чиглэлийн нислэг, төмөр замын билетийг Монгол Улсад худалдах эрхийг “Аэромонголиа” ХХК-д олголоо. Ингэснээр “Аэромонголиа” ХХК энэ эрхийг авсан гадаадын хоёр дахь компани болж байгаа бөгөөд өмнө нь БНХАУ-д тус эрхийг өгсөн байдаг. Москвад төвтэй ОХУ-ын Транспортная Клиринговая Палата /ТКП/ нь өөрийн орны бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг зохицуулж байдаг байгууллага юм. Тус байгууллагын зөвшөөрлөөр Улаанбаатар хотод салбар төвөө “Аэромонголиа” ХХК-ийн Тийз борлуулах төв /Моннис цамхаг/-т нээн энэ 5-р сараас үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Урьд нь Монгол Улсын иргэд, гадаадын иргэд ч Эрхүү хотоор дамжин ОХУ дотор болон олон улсад нислэг үйлдэх, төмөр замаар зорчихдоо дахин тасалбар захиалах шаардлагатай болдог. Зарим тохиолдолд билет байхгүй хэд хоногоор буудалд бууж, цаг хугацаа, мөнгө үрэх нь бий. Тэгвэл энэ байдал одоо үгүй болж ОХУ-ын дотоодын болон олон улсын бүх нислэг, төмөр замын билетийг Улаанбаатар хотод бичиж эхэлсэнээр ОХУ болон тус улсаар дамжин явж байгаа аялагчдын хувьд цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх боломж бий болж байна. Онцлон нэг зүйлийг дурьдахад ОХУ-ын Эрхүү хотоос Герман улсын Мюнхен хот руу нислэг үйлдэж эхлэж байгаа ба тус чиглэлийн нислэгийн тийзийг мөн тус компани борлуулах юм. Ингэснээр Улаанбаатар хотоос зөвхөн “МИАТ” ХК, Берлин хот руу нислэг үйлддэг, давтамж цөөн, тийзний үнэ өндөр байдаг зэрэг хүндрэлтэй асуудлууд эерэгээр шийдвэрлэгдэх боломжтой болж байгаа юм.