Монгол нутагт буган хөшөөнүүд нь Төв Азийн эртний нүүдэлчдийн түүх, соёлын хосгүй өвийн нэг билээ. Монголын соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэг 2008 онд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах тэтгэлэгт “Хануйн Хөндий” төслөөр хамрагдсан юм. Төслийн хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хануйн хөндийд орших 3000 гаруй жилийн тэртээх Хүрэл зэвсгийн үеийн олон тооны буган хөшөөтэй дурсгалт газрыг хамгаалалтад авч бүртгэн, сэргээн босгожээ. Монголын Соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музейн судлаачид, Канадын үндэсний сэргээн засварлах хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн төслийн тайлан болсон “Жаргалантын амны буган хөшөөд” номын нээлт өнгөрсөн баасан гаригт Монголын үндэсний музейд болжээ. Хануйн хөндий нь буган хөшөөний цогцолбор дурсгалаараа Азид төдийгүй дэлхийд гайхагддаг юм билээ. Уг ном нь Англи, Монгол хэлээр хэвлэгдсэн ба нээлтэнд элчин сайдын яамны ажилтан болон соёл, шинжлэх ухааны байгууллагын удирдлагууд, судлаачид оролцсон байна.