“Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө”

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу хэмээн ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн эмгэнэлийн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд Хятад, Манж, Орос хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарьж, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж XIII Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэсэн шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж, толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрбээр толгой гудайн сөгдөлгүй “Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно хө” гээд “Манж, Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж, хүүгийнхээ толгойг ганзаглан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ

“Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө” хэмээн дуулжээ.

Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дууддаг байжээ. Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх, харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ.