Хүчтэй шуурга аюул учруулжээ

Увс аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, зарим үед Улаангом суманд 27 метр секунд, Завхан суманд 30 метр секунд хүрсэн байна. Шуурганы улмаас Улаангом-Өмнөговь сумдын чиглэлийн 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур 1 багана /Тариалан сумын нутагт/ унаж, Баян-Өлгий, Ховд аймаг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Наранбулаг сум цахилгаан эрчим хүчгүй болжээ. Унасан тулгуур баганыг засварлах, сэргээн босгох ажиллагааг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-с автомашин техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулан явуулж байна. Увс аймгийн /Баруунтуруун, Давст, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Өлгий, Сагил, Тариалан, Түргэн, Тэс, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом зэрэг 18 сумын нутагт 15-20 метр секунд, Завхан, Өмнөговь сумдын зарим нутгаар түр зуур 34 метр секунд хүрч, Баруунтуруун, Завхан, Өндөрхангай сумдын нутгаар цасан шуурга шуурсан байна. Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн 1-р зэрэглэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийг “Дөргөний Усан Цахилгаан станц”-аас эрчим хүчээр хангасан байна.  Булган аймгийн Баян Агт сумын 1-р багийн "Нурамт" гэдэг газар нутаглаж байгаа иргэн Н-ийн 5 ханатай гэр энэ сарын 28-29-нд шилжих шөнийн хүчтэй шуурганд нурж унан, дахин ашиглах боломжгүй болсон байна.