2011 оны дэлхийн хамгийн шилдэг ном

Эрдэмтэн Жак Уэтерфордын туурвисан "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис  хаан" ном Аmazon.com-ын 2011 оны шилдэг сонсдог номоор шалгарсан таатай мэдээ байна. Тус бүтээл нь Amazon.com-ын оны шилдэг аудио ном шалгаруулах тэмцээнд Лаура Хилленбрандын “Мохошгүй” гэдэг бестселлер номтой өрсөлдөж ялалт байгуулан финалд үлдээд байв. Тэгвэл 4 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй  тус шалгаруулалтын эхний даваанд  Жим Батчерийн “Өөрчлөлт” хэмээх номыг 1000 саналын илүүгээр буюу  62:38 харьцаагаар ялсан "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис  хаан" “Мохошгүй”-г ч мөн яллаа. Ийнхүү 2011 оны дэлхийн хамгийн шилдэг номоор Монголын эзэнт гүрний тухай, монголчуудын тухай өгүүлсэн ном шалгарч байна. Уг ном нь дэлхийн хорь гаруй хэлээр хэвлэгдэн гарч олон улсад худалдаалагдсан тоогоороо тэргүүлж байсан. Мөн “Нью-Йорк таймс” сонины бестселлер, Монголын “Интерном” их дэлгүүрийн 2009, 2010 оны Грандбүүк болж байжээ. АНУ-ын Минносота мужийн Макалэстерийн коллежийн антропологийн профессор Жак Уэтерфорд нь овог аймгуудаар мэргэшсэн судлаач бөгөөд “Энэтхэгийн мөрнүүд”, “Төрөлх үндэс”, “Чөлөөлөлт ба иргэншил”, “Мөнгөний түүх” зэрэг бүтээл туурвисан. Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь Монгол овог аймгуудын уламжлал, дайн тулалдааны дундуур Чингис хаан хэрхэн өсч өндийсөн хийгээд монголчуудын иргэншлийн өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг юм байна. Түүхийг цоо шинээр харсан энэхүү бүтээл нь Чингис хааны урьд үзэгдээгүй түүхийг өгүүлээд зогсохгүй орчин цагийн дэлхий ертөнц хэрхэн бий болсон талаар дахин эргэцүүлэхийг уншигчдад сануулсан бүтээл болжээ.