Ийм нэртэй нийтлэл aol.com сайтад гарчээ. Боу Брандлер Монголын олгой хорхойны талаар бичсэн ажээ. Монгол бол оньсого шиг орон. Дэлхийн талыг эзэлсэн агуу хаан Чингисийн булш тэнд бий. Түүний бунхныг хайсан олны цуваа одоо ч тасраагүй байгаа. Америкчууд бидний идэх дуртай “Mongolian barbeque”-гийн эх нутаг нь ч Монгол. Энгүй уудам тал, цэлмэг хөх тэнгэрээрээ ч алдартай. Тэгвэл тус орны цөлд оршдог гэх урт, улаан өнгөтэй хорхой хамгийн нууцлаг нь. Тэрхүү амьтныг Монголчууд “олгой хорхой” хэмээн нэрлэдэг ажээ. “National Geographic” өнгөрсөн зун хамгийн шилдэг анчдын нэг Пат Спэйнийг Монголын говь руу илгээсэн ч тэрбээр нутгийн малчдаас тусламж хүсээд ч амжилт олоогүй гэнэ. Түүнээс өмнө дэлхийн олон жуулчин, судлаач Монголд очиж, олгой хорхойг хайж, зарим нь аймшигт амьтны хараанд өртөн нас барсан баримт ч бий. Чехийн телевизийн хэсэг уран бүтээлчид уг амьтны талаар нэвтрүүлэг хийхээр Монголд 1994 онд очсон ч гар хоосон буцсан гэдэг. Энэ бол үй олон жишээний нэг юм. Анх 1926 онд Рой Чапмэн Эндрюс “Эртний хүний мөрөөр” номдоо олгой хорхойны тухай дурдаж, гадаад ертөнцөд танилцуулсан байдаг. Биеэсээ цахилгаан ялгаруулж, олзоо элсэн доороос хатгаж алдаг энэхүү хорхойг харсан хүн ч цөөн гэдэг. Элснээсээ ч ховор цухуйдаг гэх уг амьтан үнэхээр байдаг уу, эсвэл зүгээр л домог уу? хэмээн бичсэн байна.