БОАЖЯ, Азийн сантай хамтрана

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, АНУ-ын Азийн сан хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт БОАЖ-ын дэд сайд Л.Жаргалсайхан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Азийн сангаас хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх, идэвхтэй хамтран ажиллах, тохиролцсон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд санамж бичгийн зорилго оршино. Байгаль орчны хяналт шинжилгээний шинэ арга зүй, аргачлал нэвтрүүлэх, усны чанарт хяналт тавих чадамж бүрдүүлэх чиглэлд энэ удаагийн хамтын ажиллагаа чиглэж байна. Тодруулбал, орон нутгийн байгалийн баялаг ашиглалт, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчдаар хяналт тавиулах арга барилд сургах, чадавхижуулах нь энэ хамтын ажиллагааны гол хэсэг юм. Хамтын ажиллагааны хүрээнд 2013 он хүртэл Азийн сангаас БОАЖЯ-ны харъяа агентлагууд болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газарт техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр хэд хэдэн гол үр дүнд хүрнэ гэж хоёр тал дүгнэж байна. Тухайлбал ус-хөрсний хяналт шинжилгээний шинэ аргачлал нэвтрүүлж, зарим багаж хэрэгслээр хангагдана, усны хяналт, шинжилгээний сүлжээний нэгдсэн мэдээллийн сүлжээтэй болно, байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний чанар, үр дүнг сайжруулж, олон нийтийн хяналтыг өргөтгөнө.