Алтайн аргаль, угалз устаж болзошгүй

Аргаль хэмээх зэрлэг амьтан манай орны Монгол Алтай, Говь-Алтай, Хангайн нурууд, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн уулс болон Алшаагийн говийн уулс, нуруудаар харьцангуй элбэг байдаг. Харин Алтайн аргаль нь Говь-Алтай аймагт цөөн тоогоор нутагладаг. Хөхтөн аймгийн нэг, хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг энэ сүрлэг сайхан амьтан Монголын “Улаан ном”-д бичигдээд зогсохгүй, Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн II хавсралтанд оржээ.

Аргалийн ховордох болсон шалтгаан нь ган зуд хавсарсан байгалийн хүнд нөхцөл гэдэг ч хүний хүчин зүйл нэлээд том байр суурь эзэлнэ. Аргалийн эвэр болон бусад эд эрхтнийг гадаад руу худалдаалах зорилгоор хүмүүс хууль бусаар их хэмжээгээр агнасан. Түүнчлэн малын тоо толгой хаа сайгүй өсөж, бэлчээр хомсдсон, ашигт малтмалын олборлолтоос амьдрах орчин доройтсон зэрэг нь устаж болзошгүй амьтдын тоонд ороход хүргэжээ. Тиймээс 1970 онд 40000 байсан аргалийн тоо толгой 2010 оны үнэлгээгээр 19700 болж цөөрөөд байна.