“Тэнгис” кинотеатраар зочлоорой


Хүннүгийн үеийн олдворуудыг дэлгэсэн үзэсгэлэн “Тэнгис” кинотеатрт 4 дүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн байна. Хүннү гүрэн дэлхийн түүхэнд хэрхэн нөлөөлсөн, ямар өв соёлтой байсан гэх мэт олон асуултад хариулт авах боломжийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Хүннү гүрэн 2200” үзэсгэлэнд 100 шахам ховор олдвор тавигдсан байна. Уран нарийн хийцтэй алт мөнгөн эдлэл, шавар сав суулга, хүрэл, төмрөөр хийсэн олдворуудыг 2000 гаруй жилийн тэртээ хийсэн гэхээр сонин бас бахархмаар. Хүннү гүрэн МЭӨ 209 онд байгуулагдаж Төв Азийн нутагт нүүдэллэн амьдарч байсан олон аймгийг нэгтгэсэн анхны төрт улс юм. Тэрхүү хүчирхэг гүрэнд их, бага 36 улс нэгдэж байсан. Тэр цагт Хүннүчүүд Солонгосын хойгоос Туркестан, Цагаан хэрмээс Байгаль нуур хүрсэн уудам нутгийг захирч байснаас гадна Дундад Азийн улсуудыг хяналтандаа байлгаснаараа алдартай.

Монголын нутгаас Хүннүгийн үеийн 16 хот суурингийн туурь олдсон байдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн судалгаа эрчимжиж байгаа билээ. Энэхүү үзэсгэлэн 6 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх ажээ.