“Дээлтэй Монгол” наадамд 2500 гаруй Монголчууд үндэсний хувцсаараа гоёж оролцжээ. Наадмын хамгийн бяцхан оролцогч 2 сартай байсан байна. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, батжих төрийн бүс, тулгуур төрийн гутлаараа гангарсан “Дээлтэй Монгол 2010” наадам-д УДЭТ-ынхан Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн баатруудын хувцсаараа, ДБЭТ-ынхан Б.Шаравын “Чингис хаан” дуурийн хувцас хэрэглэлээрээ, Хүүхэлдэйн театрынхан “Ногоон дарь эх” туурийн гол баатруудын хувцсаараа оролцжээ. Мөн Монголын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 40 гаруй жаалууд Ж.Дүгэрээ аавтайгаа ирж жагссан байна. Тус наадмыг Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас зохион байгуулжээ. Наадмын үеэр “Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд”, “Хамгийн сайхан дээлтэй хос”, “Хамгийн сайхан дээлтэй гадаад хос”, “Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага”, “Нийтийн бүжгийн шилдэг хос” зэргийг шалгаруулжээ.