Тархины мэс заслыг анх 1500 гаруй жилийн өмнө хийсэн байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байгаа ажээ. Хэдийгээр нарийн тодорхойлон хэлэх боломжгүй ч Италиас олдсон гавлын ясанд тархины мэс засал хийлгэсэн ул мөр үлдсэн байсныг шинжээчид тогтоосон байна. Дайн тулааны үеэр толгойдоо гэмтэл авсан нэгэндээ анхан шатны тусламж үзүүлж, зарим нь бүр мэс засал хийдэг байсныг уг гавлын яс баталж байгаа гэнэ. Толгойдоо хүнд зүйлээр цохиулсны улмаас гавлын яс нь цөмөрч таван см орчим нүхтэй болсон ч түүнээс хойш цөөнгүй жил амьд явсан болохыг эрдэмтэд шинжилгээгээр тогтоосон байна. Энэ тухайгаа антропологич Мауро Рубини “Христийн тооллын 500-700 онд амьдарч байсан хүний гавал гэдэг нь тодорхой болсон. Гавлын яс нь төлжсөнөөс харахад гэмтсэнээс хойш багагүй хугацаанд амьд байсан нь илэрхий. Өөр нэгэн гавалд сүхээр цохиулсны ул мөр үлдсэн байсан” гэжээ. Сонирхолтой нь дээрх яснууд Италийн нутгаас олдсон ч европ цэргүүдийнх биш гэнэ. Яг ийм байдалтайгаар оршуулсан булш Сибирь болон Монголын нутгаас 200 гаруй олдсоноос үндэслэн тэднийг Монгол цэргүүд байсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна.