Чингис хааныг улс орнуудын хоорондох дипломат харилцааны үндсийг тавьсан гэж үздэг. Гэтэл үүнээс ч өмнө Монголчууд бидний өвөг дээдэс харь улс гүрнүүдтэй дипломат харилцаа тогтоож байжээ. Бүр оюутан солилцох асуудлыг хүртэл дипломат харилцааныхаа хүрээнд шийдэж байсан байх юм. Эдүгээгээс мянга гаруй жилийн өмнөөс Төв Азид хүчирхэгжин мандсан Кидан гүрний үед хамаарах түүхэн дурсгалт бичиг БНСУ-ын Үндсэний музейд хадгалагдаж байгаа ажээ. Киданчууд 11 дүгээр зууны эхээр Солонгосуудтай дипломат харилцаа тогтоож байсныг энэхүү бичиг гэрчилнэ. Тухайн үед Киданчууд Солонгосын Корё улс руу 2 удаа довтолж, сандаргаж байсан байна. Газар нутгийн холоос болсон уу, өөр шалтгаан байсан уу. Ямарч байсан Киданы эрэлхэг морьтнууд наран ургах зүг хийсэн аян дайндаа ялалт байгуулж чадаагүй ажээ. Гэхдээ л Корё улсын хааны зүрхийг чичрүүлсэн. Үүний нотолгоо нь Корё улсын хаан Хеонжон Киданчуудад тал засан, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон явдал юм. Энэ нь 1019 он байжээ. Түүнээс хойш 100 жилийн туршид Киданчууд Корё улс руу довтлолгүй, тэднийг тайван орхижээ. Энэ үед Кидан гүрэн Корё улстай оюутан солилцдог байсан тухай баримт олдоод байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад Солонгосууд Киданчуудад эзлэгдэлгүй үлдсэнээ Буддагийн ач тус гэж үздэг ба энэ тухай бичсэн Корё улсын үед хамаарах модон барын дурсгал байдаг байна.