Археологийн үнэт олдворуудыг дэлгэжээ

Үндэсний музейд Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон археологийн үнэт олдворуудыг дэлгэжээ. Сүхбаатар аймгийн Онгон суманд 13-14 дүгээр зууны чулуун хөрөг буюу хүн чулуун дурсгал Бударын чулуу, Шартын хадны сүг зураг, эртний тахилгын ул мөрийг хадгалсан олон газар байдаг ажээ. Үүнээс үүдэлтэйгээр 2004-2010 онд Онгон сумын Таван толгойн дурсгалт газар явуулсан МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхимийн судалгаа, 2010 оны ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн экспедицийн хээрийн судалгааны ажлаар илрүүлсэн олдворууд, гавьяат багш С.Лувсанноров, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач Д.Амараа нарын хувийн цуглуулга, Соёлын өвийн төвийн фото зургийн сан хөмрөг, хүн чулууны хэв, Үндэсний музейн археологи, угсаатны зүйн цуглуулга, шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгал, хүрэл зэвсгийн үеийн шоргоолжин булш, 13-14 дүгээр зууны монгол язгууртны булшны олдворууд зэрэг 400 гаруй эд зүйлсийг нэгтгэн тавьсан байна. Үзэсгэлэнд тавигдсан олдворуудаас дурдвал, эх сурвалж нь тодорхойгүй сумны зэвүүд, 160 хүрэл эдлэл, оюу анар чулуун шигтгээтэй бадам цэцгэн суурьтай малгайн алтан дог, дөрвөлжин үсэг бүхий ясан тамга, оюу болор шигтгээтэй нүүрэн талынх нь булан тус бүр араб эвхмэл үсэг цохиж урласан алтан бөгж, голд нь брахми “Ом” үсэг бүхий түүнийг нь тойруулан бадам цэцгийн дэлбээ дотор найман тахилыг дүрсэлсэн цас толь, гуулин ялтсаар хөөмөлдөж алтаар шарж хийсэн дөрвөн дэлбээтэй суурин дээр нь жижгэвтэр зургаан дэлбээт бадам цэцгийг дүрсэлж тана мэт чулуун жинс суулгасан соновтор зэрэг хосгүй үнэт болоод хосгүй олдворууд тус үзэсгэлэнд дэлгэгджээ.