Юань гүрний үед Монголчууд суурин соёл иргэншилтэй ард түмний харилцааг зохицуулах хууль цаазын бичиг зохион, өөрсдийн харьяанд байсан улсад мөрдүүлж байжээ. Хожим Хятад, Солонгос, Япон зэрэг улс Юань гүрний тэрхүү хууль цаазын бичгийг загвар болгон өөрсдийн хуулийг зохиосон ажээ. Чингис хааны “Их засаг” хуулийн гадаад дахь хувилбар гэж болох энэхүү хууль цаазын бичгийн эх хэдэн жилийн өмнө Солонгосын нэгэн тариачныхаас олджээ. 1368 оны үеийн энэхүү хууль цаазын бичгийг жирийн солонгос тариачны өвөг дээдэс үе дамжуулан хадгалж байгаад улсынхаа сан хөмрөгт бэлэглэсэн юм байна. Юутай ч Солонгосын бүх хууль Юань гүрний үеийн энэ баримт бичигт тулгуурлан зохиогдсон байдаг гэнэ. Ерөнхий сайд С.Батболдыг БНСУ-д айлчлах үеэр тус улсын ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жон Тэ Сү бараалхаж, Юань гүрний үеийн хууль цаазын бичгийн эхийг гардуулан өгсөн байна. Тэрбээр Солонгосууд энэхүү хууль цаазын бичгийг зохиосон эзэд нь болох Монголчуудтай хамтран ЮНЕСКО-гийн соёлын хосгүй нандин өвд бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна. 1368 оны буюу Юань гүрний их хаан Тогоонтөмөрийн үед хамаарах хууль цаазын бичгийг солонгосоор Жижеон жүгёг хэмээн нэрлэдэг байна. БНСУ-ын Засгийн газар Юань гүрний хууль цаазын бичгийг сэргээн засварлаж, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулаад байгаа ажээ. Тэд уг сурвалж бичгийг монголчуудтай хамтарч судлах эрмэлзэлтэй байгаа гэнэ. Юутай ч 700-гаад жилийн өмнө монголчуудын байгуулсан Их Юань гүрний хууль цаазын бичгийг Солонгосуудтай хамтран бүртгүүлэхийг Засгийн газрын тэргүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Монголчууд бид өвөг дээдсийнхээ бас нэгэн оюуны үнэт өвийг дэлхийд данслуулах нээ.