Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд цаг уурын өөрчлөлтөд хүмүүсийн анхаарлыг хандуулах үүднээс нэг цагийн турш гэрлээ унтрааж цахилгаан хэмнэх, тэр хэрээр дэлхийн дулааралтай тэмцэхийг уриалсан. Австралиас эхэлсэн энэ хөдөлгөөн өргөжсөөр өнгөрсөн жил гэхэд дэлхийн 128 орны 5159 хотын тэрбум гаруй хүн хамрагдаж “Эх дэлхийн цаг”-тай хөл нийлүүлсэн байна. Манайд болсон анхны арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “MCS Coca-Cola” компани, “Сэнгүр” брэнд хамтран зохион байгуулсан. Дээрх байгууллагууд энэ жил уг арга хэмжээг дахин зохион байгуулах гэнэ. Өнөө жил “Эх дэлхийн цаг” Монголд энэ сарын 26-ны 20.30 цагт тохиох бөгөөд энэ үеэр гэрлээ унтраан лаа барьсан хүмүүс Сүхбаатарын талбайд цуглаж, дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй тэмцэж байгаагаа илэрхийлэх юм байна. Залуус та бүхэн уг арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна.