Шувуучлахуй буюу бүргэдийн анг ЮНЕСКО 2010 онд хүн төрөлхтөний соёлын биет бус өвөөр албан ёсоор бүртгэн тунхагласан билээ. Тэгвэл ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн гарын үсэгтэй батламжийг гардаж авах ёслол өчигдөр болжээ. Энэхүү батламжийг казакын ард түмний уламжлалт наурызын баярыг тохиолдуулан олгож байгаа юм байна. Батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейн, Баян-Өлгийн музей болон Соёлын өвийн төвд хадгалах гэнэ. “Шувуучлахуй”-г Монгол Улс, Арабын нэгдсэн Эмират улс, Бельгийн вант улс, БНЧУ, БНФУ, БНСУ, Мароккогийн вант улс, Катар, Сaудийн Араб, Испани, Арабын Бүгд Найрамдах Сири Улс гэсэн 11 орон хатран бүртгүүлээд байгаа ажээ. Одоогийн байдлаар Бүгд найрамдах Австри улс болон Бүгд найрамдах Унгар улс дээрх өвийг бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаад байгаа юм байна. ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр санал болгосон 32 улсын 147 өвийг хэлэлцэн 54 өвийг уг хуралдаанаар шалгаруулснаас манай улсаас дэвшүүлсэн “Бүргэдийн ан буюу шувуучлахуй” гэсэн өвийг санал нэгтэйгээр баталсан байна.