19 дүгээр зуунаас “ирсэн” чөмгөн ганлин


Монголын үндэсний музейн Уламжлалт соёлын танхимд 18 настай эмэгтэйн хүний дунд чөмгөөр хийдэг хэмээн  ам дамжин яригддаг нэгэн хөгжмийн зэмсэг байдаг. Энэ бол чөмгөн ганлин юм. Чөмгөн ганлин нь 19 дүгээр зууны үеийн шашны хөгжмийн зэмсэг ба заримдаа гандан гэж нэрлэх нь бий. Дээр үед хүрээ, хийдүүд шашны элдэв зан үйлийн үед дун бүрээ, бишгүүр, матар гандан, их бүрээ, хэнгэрэг, цан, хонх, дамар, сэлнэн зэрэг төвд, самгарди нэршилтэй үлээвэр болон цохилуур хөгжмийн зэмсгийг ашигладаг байжээ. Дээрх хөгжмийн зэмсгийн ихэнх нь буддын шашны ёслол, зан үйлтэй холбогдож Төвдөөс орж иржээ. Цордон бүрээ, дамар, хэнгэрэг, мөн балар (бишгүүр) зэргийг хослуулан үлдээдэг ёстой. Эдгээр нь үлээвэр, цохивор хөгжмийн зэмсгийн төрөл юм. Урт бүрээг хэдэн хүн дамнан явж тоглодог бол дуударам, том жижиг цан, сэлнэн, дэншиг, гандан, дун зэрэг цохивор, үлээвэр хөгжмийн зэмсгийг өдөр тутмын хурал номын үед өргөн хэрэглэдэг байна.

Гандан буюу ганлин нь зэсэн, чөмгөн гэсэн хоёр янз байдаг ажээ. Зэс ганлин нь луу, матрын толгойг хөөж чимэглэсэн сийлбэр чимэгтэй, 50-60 см урттай бол чөмгөн гандан нь 18 настай эмэгтэй эмэгтэй хүний дунд чөмгөөр хийж, чөмөгний булууг ногоон сарьсаар бүрдэг байна. Хурлын үед голдуу лам нар ганлинг үлээдэг байжээ. Дашрамд дуулгахад, шашны хөгжмийн зэмсгийн заримыг өдгөө үндэсний найрал хөгжимд ашигладаг байна.