Дэлүүн болдогийг дэлхийд сурталчлах уран бүтээлчид тодорлоо


Мянганы хүнээр өргөмжлөгдсөн суут Эзэн Чингисийн төрсөн газар Дэлүүн болдогийг дэлхий нийтэд сурталчлах, цаашлаад   аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн зорилгоор яруу найрагчид аялахаар болжээ.

“Дэлүүн болдогийг Дэлхийд “   нэртэй   аялалын   анхны  аялагчид  нь  хит болсон шүлгийн эзэн найрагчид байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан.

 Тэгвэл  аялалд оролцох бар жилийн хит шүлэгч, зохиолчдыг   FM радио,  интернэтийн сайтуудаар санал асуулга явуулж, уншигч сонсогчдын шууд сонголтоор шалгаруулжээ.

FM.радио,   сонин хэвлэлийн нийт  12968  уншигч, сонсогчдыг хамруулсан  12 шилдэг бүтээлийн  эздийг тодруулах санал  асуулгад  яруу найрагч  Ч.Дагмидмаагийн “Монгол хүн та дээшээ суу” шүлэг тэргүүлсэн байна. 

Харин удаах байрыг Р.Энхтуяагийн “Дэндүү их хайртайдаа чамтай би ханилахгүй” шүлэг, гуравдугаар байрт СГЗ Ш.Гүрбазарын   “Монголоороо гоёдог” шүлгийг  уншигч сонсогчид шалгаруулжээ. 

Мөн Д.Цоодолын ”Миний муусайн найзууд”, Ц.Чимэддоржийн “Малчин”, Г.Мөнхцэцэгийн “Битгий урваарай миний хүү”, М.Билэгсайханы   “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан”, Д.Төрбатын “Сүү” шүлэг, Л.Өлзийтөгсийн  “Хүлээс” өгүүллэг, А.Лхагвийн “Дөрвөн цагийн Монгол цомог”, Ц.Буянзаяагийн “Эрх чөлөө” өгүүллэг тус тус энэ дарааллаар шалгарчээ. 

Гол нь уншигч сонсогчдын шударга үнэлгээгээр эдгээр зохиолчдын бүтээлүүд шилдгээр шалгарч, Дэлүүн болдогийг дэлхийд сурталчлах аялалд гарахаар болж байгаа ажээ. 

Аялалын баг  ирэх  сарын 25 –нд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын зүг хөдөлсөнөөр уг хөтөлбөрийн үйл ажиллагаа  албан ёсоор эхлэх юм байна.