БОАЖЯ-наас энэ 2011 оныг “Усны жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан “Дэлхийн усны өдөр”-ийг Өмнөговь аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж буй ажээ. Уг ажлын хүрээнд “Дусал ус амьдрал бэлэглэнэ” сэдэвт усны сарын аян зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд Усны салбарын үе үеийн ахмад инженер, ажилтнуудыг урьж оролцуулан, уулзалт зохион байгуулах, Аймгийн хуучин орон сууцнуудын тодорхой хэсгийн инженерийн шугам сүлжээг засварлан тоолууржуулж, жишиг аймаг болгох ажил эхлүүлэх, Иргэдийн дунд Усны тухай хууль болон бусад мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах,
ЕБС-ийн байгаль хамгаалах клубын гишүүдтэй хамтарч иргэд, албан байгууллагуудын албан хаагчдаас усны чиглэлээр санал асуулга авах, ЕБС-ийн сурагчдын дунд “Усгүй бол…” гар зургийн уралдаан зарлах, Төрийн албан хаагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлах, “Ус амьдралыг тэтгэгч” гарын авлага, зөвлөмж гаргаж, иргэдэд сурталчлах гэхчлэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.