Монголд төдийгүй дэлхийд устах аюулд ороод байгаа цоохор ирвэсийг судалгааны зориулалтаар агнах шийдвэрийг Засгийн газраас саяхан гаргасан. Энэ шийдвэрээ цуцлахыг шаардаж Дэлхийн байгаль хамгаалах сан, Ирвэс хамгаалах болон амьтны эрхийг хамгаалах сангаас хэвлэлийнхэнд хандлаа. Манай улсад одоогоор ирвэс хичнээн тоо толгой байгаа талаар баттай мэдээлэл байхгүй ч 2000 онд хийсэн хээрийн судалгаагаар 500-900 бодгаль байх боломжтой хэмээн тооцжээ. Хэрэв Засгийн газрын дээрх тогтоолын дагуу цоохор ирвэс агнавал байгаль хамгаалагчдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон зэрлэг амьтан хамгааллаар тэргүүлэгч орон гэсэн Монголын нэр хүнд олон улсын хэмжээнд унаж, аливаа амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд цаашид нооцтой асуудал үүсч болзошгүй гэнэ. Тиймээс тоо толгой нь хэд хүрээд байгааг мэдээгүй байж энэ ховор амьтныг агнах шаардлага байхгүй гэж дээрх байгууллагууд үзжээ. Дэлхий даяар ирвэсийг молекул, генетикийн аргаар, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх, камер тавьж зураг авах зэрэг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан судалдаг байна.