“Морин хуурын янцгаалт” олон улсын үзэсгэлэнгээс шилдэг номын шагнал хүртлээ

“ITB” буюу “Олон улсын аялал жуулчлалын бирж” үзэсгэлэн яармагийн хаалтын ажиллагаа уржигдар Берлин хотноо болжээ. Энэ удаад Монгол улс соёлын түншээр оролцсон билээ. Тиймээс ч тав хоног үргэлжилсэн үзэсгэлэн яармагийн үеэр манай орны байгаль, түүх, соёлтой холбоотой арга хэмжээнүүд өдөр алгасалгүй болжээ.

Үзэсгэлэн зохион байгуулагчид жил бүр өнгөрсөн нэг жилийн хугацаанд уншигчдын хүртээл болсон аяллын тухай шилдэг ном, киног шалгаруулдаг уламжлалтай ажээ. Жуулчдад зориулсан шилдэг ном, аяллын тухай шилдэг кино гээд нийтдээ 15 төрөлтэй ажээ. Энэ жил Монголын уран бүтээлчдийн болон манай орны тухай 3 ном шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч шилдийн шилдгээр шалгарчээ. Аяллын тухай шилдэг уран зохиолын номоор доктор Амелий Шенкийн “Морин хуурын янцгаалт”/Das Meckern der Pferdepofgeige/, Ч.Галсангийн “Die Ruckkehr”/Эргэж ирсэн нь/, “Das andere Dasein”/Өөрөөр оршихуй/, аялагчдад зориулсан шилдэг номоор Марион Висоцки, Эрна Кэппели, Эрнст фон Валденфэлс нарын бичсэн “Mongolei”/Монгол/ нэртэй ном тус тус шалгарсан байна.