Хил судлалын хүрээлэн

 

Хилийн түүх судлалын сектор МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны 1980 оны 174 дүгээр тогтоолоор “Улсын хилийн түүхийг судлах групп” нэртэйгээр ГХЯ-ны дэргэд байгуулагдаж, даргаар нь дэслэгч генерал Б.Цэдэн-Иш томилогдсон түүхтэй. Судлаач 3, хятад ба орос хэлний орчуулагч тус бүр нэг, нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдаж улсын хилийн үүсэл хөгжил, хуваарилалтыг судалж байжээ. 1990 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “Улс орны хилийн түүх, түүний хамгаалалт бол улс орны аюулгүй байдалтай маш холбоотой эмзэг асуудал” хэмээн онцолж, тун удалгүй Засгийн газрын 1990 оны 102 дугаар тогтоолоор “Хилийн түүх судлалын сектор” болгон өргөтгөж, удирдлага, орон тоо, бүтцийг Гадаад Хэргийн Яамнаас салгаж, Хилийн цэргийн байгууллагад харъяалуулжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил хамгаалалтын түүх, хилийн аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажил явуулсан байдаг. Тухайлбал, Монгол-Манжийн хоорондох хил, Тува улстай залгаж буй хилийн хэлэлцээний материалууд, Монгол-Зөвлөлтийн 1976 оны хилийн гэрээний асуудал, Монгол Улсын хойд өмнөд хилийн овоонуудын судалгаа, ЗХУ-Японы 1940 оны хилийн хэлэлцээр, Халх-барга хоорондох газар нутгийн маргаан ба түүний судалгаа гэх мэт. Хилийн тухай хууль 1993, 2016 онд, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого 2002 онд, Улсын хил хамгаалалтын дүрэм 1994, 2007, 2021 онд, Улс хил хамгаалалтанд ард иргэдийг оролцуулах журам зэрэг эрх зүйн баримт бичгийг холбогдох байгууллагаар батлуулан өөрчилж шинэчлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ. Хил хамгаалах байгууллага, хилийн отряд, заставын тухай 50 гаруй түүхийн ном хэвлүүлжээ.