XVII зууны Францын нэрт эрдэмтэн, Ойрхи дорнод болон дундад Ази судлаач, дипломат, орчуулагч Пети Де Круа-гийн 1722 онд бичсэн “Монголчуудын анхны эзэн хаан Чингис хааны түүх” хэмээх түүхэн зохиол анх удаа монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа. Тэрээр эл номыг бичихдээ XIII-XVII зууны Араб, Перс, Турк болон Европын орнуудын түүх шаштир, гар бичмэл зохиол, аян замын тэмдэглэл, хаадын түүх, он тооллын бичгүүд зэрэг олон арван эх сурвалжид тулгуурлан бичсэн бөгөөд араб, перс, турк хэл дээрх 50 гаруй, Европын 60 шахам жинхэнэ эх сурвалжийг уншиж судалснаар Чингис хаан болон Монголын түүхийн чухал, үнэт сурвалж болох нөхцөлийг бүрдүүлжээ.
Зохиогчийн хүү Франсуа Пети де ла Круа эцгийнхээ бичсэн энэ номыг 1710 онд Франц хэл дээр хэвлэн гаргасан ба үүнээс хойш 12 жилийн дараа буюу 1722 онд Английн жүжгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч Пенелопе Оубин (1679-1731) англи хэлнээ хөрвүүлэн Лондон хотноо хэвлүүлсэн байна.
Монголчуудын аугаа их өвөг дээдсийн тухай бараг 300 жилийн өмнө бичигдсэн, Монголын түүхийн ховор эх сурвалжийг монгол хэлнээ хөрвүүлэн, эрдэмтэн судлаач, түүхч, уншигч олны өмнө анх удаа дэлгэжээ. Энэ ном бол үлгэр домог, эсвэл хэн нэгний зохиосон зохиол бус харин дэлхийн хамгийн шилдэг түүхэн сурвалжуудад тулгуурласан XIII-XIV зууны Монголын Эзэнт Гүрний үнэн түүх ажээ.